kunj-н танилцуулга
| Нэр: Хүйс: Эмэгтэй Байрлал: Монгол Бичсэн нийтлэлүүд: 31 Нийтлэл Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл Бүртгүүлсэн: 2016-10-31 |
kunj_k6029-н блогууд:
kunj | |
| em zvin shinjleh uhaanii ih surgul | |
Зургийн цомгууд:
2016.11.31 |
| ОЮУН УХААН ГЭЖ ЮУ ВЭ? Posted by tsogtoo on March 2, 2008 А. “Оюун ухаан оршин байна” гэж Платон хэлжээ. 90-ээд оноос өмнө их сэтгэгч Платоныг идеалист гүн ухааны эцэг, ухамсрыг материас өмнө тавьсан буруу номтон хэмээн хараан зүхдэг байлаа. Платон вээр “Оюун ухаан оршин байна” гэж хэлэхдээ матери оршин байдаггүй гэж нотлоогүй юм. Платоны энэ үгийг чухамхүү хүний ертөнцтэй холбож ойлговол зохино. Орчин үеийн байгалийн шинжлэлийн гарцаагүй нотолсон зүйл нь: Орчлон гурван язгуур үндэстэй 1. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь махбод мөн 2. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь эрчим мөн 3. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь онч дохио мөн. 4. Махбод, эрчим, онч дохионы аль нь ч анхдагч бус бөгөөд аль нь ч зонхилогч бус. Ингэхлээр Платон Оюун ухаан оршин байна хэмээхдээ онч дохио нь хүний хувьд оюун ухааны хэлбэрээр илэрнэ гэж томьёолсон хэрэг. Энд Платон зөрчилтэй зүйл хэлээгүй байна. Харин тэрээр хүн таныг өргөмжилж хүн та бол оюун ухаантайгаараа бусдаас ялгарна хэмээсэн байна. Б. “Оюун ухаан бол аз жаргалын төрүүлсэн эх нь юм” гэж Софокл хэлжээ. Эндээс оюун ухаанаа орхигдуулсан тэр хүн аз жаргалаас холдоно гэдэг дүгнэлт гарна. Монгол хүн аз жаргал гэдгийг оюун ухаантай, сэтгэлийн цэнгэлтэй холбож ойлгодоггүй, харин албан тушаалтай, эд хөрөнгөтэй холбон ойлгодог болсон нь нэн гунигтай. Yүний үндэс нь монголын боловсролд байгаа чиг баримжааны ноцтой алдаа юм. В. “Оюун ухаан бол тэнгэр газрын хаан нь юм” гэж Сократ хэлжээ. Энэ үг бидний хувьд анхаарууштай санаа юм. тухайлбал монголчууд тэнгэрийг шүтэж, тэнгэр бурхандаа мөргөж, бас газраа уудалж, ашигт малтмалаа түүхийгээр нь бусдад зарж амьдарна хэмээн сэтгэх бөлгөө. Гэтэл тэрхүү шүтээн болсон тэнгэр, шүүж шүүрдэж амиа зогоодог газар хоёрын хаан нь оюун ухаан ажээ. Асуулт: Энэхүү ХААН хэмээгдэх оюун ухаан хаана байна? Хариулт: Түүнийг өөр хаанаас ч эрэх хэрэггүй, зөвхөн өөрөөсөө эрцгээе. Оюун ухаан хүн танд байна. Тэгэхлээр та өөрөө тэнгэр газрын хаан нь юм. Дүгнэлт: Тэнгэр газрын хаан болсон хүнийг боловсруулж, мэдлэгжүүлж, жинхэнэ хүн болгодог боловсролын чин зорилго нь ОЮУН УХААН-ыг дээдлэхэд оршино. Эндээс дараах мөрдлөгөөнүүд гарна. 1. Оюун ухааныг дээдэлдэггүй боловсрол нь боловсрол биш. 2. Мэдээлэл дамжуулдаг боловсрол нь боловсрол биш. 3. Мэдээлэл дамжуулдаг боловсрол нь сурагч оюутныхаа хүний мөн чанарыг алдагдуулж тэднийг хүн биш болгох замд нь хөтөлнө. 4. Мэдээлэл дамжуулдаг багш нь оюутан сурагчдыгаа тэнэг мунхаг болгоно. Тэрээр оюутан сурагчдынхаа амьдралын чиг баримжааг гажуудуулагч мөн (Энэ үгийг Дорнод аймагт ажиллаж буй Канадын мэргэжилтэн Helene Canesson надад хэлж өгсөн юм). Г. “Оюун ухаан гэдэг нь хүний амьдралын замыг заагч тэр зүйл мөн” гэж Л.Толстой хэлжээ. Монголын боловсрол оюун ухаанаасаа хөндийрсөн гэдэг нь нүднээ тод харагдана. Эндээс дараах дүгнэлт урган гарна. ♦ Монголын боловсрол сурагч, оюутнуудыгаа амьдралынх нь замыг заагч тэрхүү зүйлээс нь салган холдуулжээ. ♦ Монголын боловсрол монгол хүний амьдралын мөн чанар, агуулгатай зөрчилдөж, суралцагсдынхаа хөгжилд саад болох аюултай тулгарчээ. Д. “Оюун ухааныг өөрөөсөө гадна хайна гэдэг нь дээд зэргийн тэнэглэл мөн” гэж Кахта хэлжээ. Би олон хүнд “Та оюун ухаанаа хөгжүүлнэ үү” хэмээн зөвлөж оюун ухааны талаар харилцан яриа өрнүүлэхэд тэдгээр хүмүүсийн олонхи нь энэхүү оюун ухаан гэгчээс айн цэрвэдэг болсон нь ажиглагдсан. Монгол хүн оюун ухаанаас дөлдөг болсны учрыг холоос хайх хэрэгтэй. Сүүлийн гурван зуун жилд монголчууд бидэнд өөрийн гэсэн Төр Засаг байсангүй. Манжийн дарлалд 231 жил (1690-1921), Коминтерн, Зөвлөлт оросын дарлалд 69 жил (1921-1990) байсны харгайгаар олон үе дамжиж монгол хүний оюун сэтгэхүй хаагдмал, боогдмол байв. Энэ хугацаанд (300 жил) өөрийнхөөрөө сэтгэсэн монгол хүн бүр хэлмэгдэн тамлагдаж байжээ.Дүгнэлт: Монгол хүн арван үе дамжиж оюун ухаанаасаа холдсон буюу монгол хүний оюун ухааныг гадаадын төр засаг арван үеийн туршид хүнээс нь салган хөндийрүүлжээ. Та бидний сэтгэхүйд “Оюун ухаан надаас гадна байдаг, оюун ухааныг өөр газрын хүмүүс бидэнд авчирч өгдөг” хэмээх ойлголт 300 жилийн туршид хоногшиж ижилдэн дасчээ. Е. “Их мэдэх нь чухал бусаа, гол нь оюун ухаанаа хөгжүүлэх” гэж Демокрит хэлжээ. Yүнтэй холбогдуулан дараах тодруулгыг хийж байна. 1. Мэдлэг гэж юу вэ? Мэдлэг нь заавал хэрэглэгдэх ёстой. Хэрэглэдэггүй мэдлэг бол мэдлэг биш. Мэдлэгийг хэрэглэж чаддаггүй хүн, эсвэл цаг үеэсээ хоцорсон, хуучирсан мэдлэг, эсвэл цаг үеэсээ түрүүлсэн хэтэрхий шинэ мэдлэг, эсвэл цаг үетэйгээ зохицож чадахгүй байгаа хэрэгцээгүй мэдлэг гэж байна. Монголын боловсрол нь суралцагсдадаа хүрэлцэхүйц мэдлэг олгодог. Гагцхүү энэ мэдлэг нь ихэвчлэн цаг үеэсээ хоцорсон буюу цаг үеэсээ тасарсан байдаг. Ийм мэдлэгийг мэдлэг гэхгүй, ийм мэдлэгийг хоосон мэдээ баримт гэнэ. Жишээ нь: намайг хөдөөгүүр явж байхад ЕБС-ийг гайгүй сайн төгссөн, физик математикийн хичээлээр заагддаг олон томьёо цээжилсэн атлаа хувьчлалаар олгосон цөөн малаа нэг мотоциклоор сольж, мотоциклоо унаж яваад гэмтээж устгасан, тэгээд хоосорсон, гэхдээ сархад гайгүй зооглодог хүн хэд хэд таарч байлаа. Энэ хүн мэдлэгтэй хүн мөн үү? Томьёо хэрэглэж мал маллах уу? 2. Монголын боловсрол суралцагсдынхаа оюун ухааныг хэр хөгжүүлдэг бол? Хариултыг танд үлдээе. (Монгол хүн тухайлбал багш сурган хүмүүжүүлэгч та нөхөд бусдаас будаа идэх, бусдын үгийг тотьчилон давтах гэж оролдох хэрэггүй. Та оюун ухаантай хүн, тэгэхээр та өөрөө өндийх ёстой. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Нэг нь хэлж зааж байдаг, нөгөө нь хэлүүлж, заалгаж байдаг мэт болжээ. Энэ нь та бид оюун ухаанаасаа холдсоны шинж мөн юм.) Ж. “Оюун ухааныг НАР гэвэл Боловсрол нь нарны дагуул, гариг эрхэс юм” гэж Артур Шопенгауэр хэлжээ. ЕБС-ийн байгалийн шинжлэлийн хичээлээр нарыг гариг эрхэс нь дагаж эргэдэг, эсвэл сарыг дэлхий тойрч, дэлхийг нар тойрдог гэж заадаг билүү?, аль нь билээ? Энгийн нүдээр харахад нар нь дэлхийг тойрч буй мэт харагддаг, гэвч тийм биш гэдгийг ЕБС-ийн хичээл бидэнд хэлж өгдөг. Энэхүү зөв баримтлалыг оюун ухаан ба боловсрол дээр буулгавал ОЮУНУХААН нь НАР юм, ГАРИГ ЭРХЭС нь БОЛОВСРОЛ юм. Артур Шопенгауэр зөв хэлжээ. Харин бид буруу хэрэглэж байгаа мэт. Учир нь ГАРИГ ЭРХЭС болох БОЛОВСРОЛ-ыг шүтэж, НАР болох ОЮУН УХААН-ыг орхигдуулжээ. Монголын болвсрол ингэтлээ амьдралаас тасарсан бөлгөө. З. “Боловсрол нь хэзээ ч зорилго байж таарахгүй” гэж Х.Г.Гадамер хэлжээ. Монгол улсын хувьд боловсролыг зорилго болгон туйлшруулж, энэ нь 90-ээд оноос хойш бүр ч эрчээ авч эдүгээ ЕБС-ийн бүх төгсөгчид ямар ч хамаагүй үнээр ямар нэг цаасан диплом олж авахын төлөө тэмүүлдэг болж, үүнийг нь хэрэгжүүлж, суралцагсдын өмнөөс диплом үйлдвэрлэдэг сургуулиуд олшров. Сүүлийн жилүүдэд бакалавр, магистр, докторын зэрэгтэнгүүдийн тоо эрс нэмэгдэв. Гэтэл ард түмний аж байдал тэр хэмжээнд хүрсэнгүй. харин ч дордох аясыг олов. Эндээс дараах дүгнэлтийг хийж байна. Ард түмний аж байдлыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд монголын боловсрол тус дэм болж чадахгүй байна. Харин ч чөдөр тушаа болж байна. Энэ бол боловсролыг зорилго болгон туйлшруулж, Х.Г.Гадамерын хэлсэн санамжийг умартсаны үр дагавар мөн. Одоо ОЮУН УХААН буюу ИНТЕЛЛЕКТ-ийн талаар зарим тодорхойлолтуудыг сонирхъё. Тодорхойлолт 1. Танд бусдаас давуу ямар нэг тал, оюунлаг байдал байна уу? Байвал түүнийг интеллект гэнэ. Жишээ нь, 2 хүн ярилцъя. Нэг нь арай илүү байдаг. Санаа нь, үгний найруулга нь . . . . гэх мэт. Тэгэхлээр ОЮУН УХААН хүн бүрт бий, гагцхүү хэмжээ нь янз бүр. Интеллект буюу ОЮУН УХААН гэхээр заримдаа хүний оюуны шинжийг хэлээд байгаа, заримдаа тэр хүнийг ч хэлээд байгаа, аль нь ч зөв юм. Хүнийг биеэс нь ангид ойлгож болно, бас биетэй нь хамт ойлгоно. Тодорхойлолт 2. а) Мэдлэг олж авах болон мэдлэгийг эргэцүүлж тунгаах оюуны чадвар б) Эргэцүүлэн бодох чадвартай хүн юм уу оюуны өндөр чадвар Тодорхойлолт 3. Интеллект нь хийсвэрлэн сэтгэх чадвар Тодорхойлолт 4. Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадваруудыг оюун ухаан буюу интеллект гэнэ. Тодорхойлолт 5. Интеллект нь асуудлыг өгөгдсөн программын дагуу биш, харин бүтээлчээр шийдвэрлэх чадвар юм. Хүний оюун ухаан 5 язгуур үндэстэй. – Таньж мэдэхүйн ухаан – Бүтээж туурвихын ухаан – Харьцахуйн ухаан – Хайрлаж дурлахуйн ухаан – Урлахуйн ухаан /Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд” номын 174-р талд/ Оюун ухааныг олон талаас нь тодорхойлж болдог. Yүнийг олон талт интеллект гэнэ. эрдэмтэд ОЮУН УХААН-ИНТЕЛЛЕКТ-ийн 120 орчим чадвар бий гэж үздэг байна. Түүний 70 гаруйг нь IQ тестийн тусламжтайгаар хэмжиж болдог ажээ. ОЮУН УХААНЫ төрлүүд: – хэл зүйн интеллект – логик математикийн интеллект – хараа-орон зайн интеллект – бие бялдар, хөдөлгөөний интеллект – хөгжим хэмнэлийн интеллект – бие хүний дотоодын интеллект – нийгмийн интеллект ОЮУН УХААН-тай холбогдуулан сэтгэлгээг тодруулъя. Одоогоор сэтгэлгээний дараах 4 төрөл мэдэгдэж байна Yүнд: Вертикал сэтгэлгээ – 10% Каузал сэтгэлгээ – 20% Латерал сэтгэлгээ – 30% Визуал сэтгэлгээ – 40% Дүгнэлт: Монголын боловсрол эдүгээ сэтгэлгээний айгаас дөнгөж 20 орчим хувийг нь идэвхжүүлж байгаа юм. Мөрдлөгөө: Монголын боловсролыг оюуны хөгжлөөр дэмжиж чадвал сэтгэлгээний үлдэх 80%-ийг нь идэвхжүүлэх боломжтой. Эх сурвалж: Ц.Дэмбэрэл “Монголчууд оюуны чадвархиараа дэлхийд тэргүүлэх боломжтой |

